Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-11-08

Утга учиргүй, cursum perficio

Ангилал: үгүүллэг
     Айм фрий маэн, айм фрий. Би энэ ертөнцийн хүн биш ээ. Би хаанаас ирсэнээ үл мэдэх хэрнээ хаа очихоо мэдээд байгаа юм шиг.
     Нэг мэдэхэд аагим халуун өдөрт гэрийнхээ сүүдэрт ялаа үргээн нозоорон хэвтэж байсансан. Тэгэхдээ нэг дов байхыг харсан юмаа.
     -Хүү минь чи юу хийж байна. Ээждээ ус аваад ирээч. Өө за би бас ээжтэй байх нь. Босоод хувин бариад гол руу сажлав. Би яагаад бүгдийг нь мэдээд байнаа? Хувин, гол, бас дов, тэнгэр...
     Гэнэт би хувингаа тээр тийш нь чулуудчихаад нөгөө харагдаж байсан дов руу явж байлаа.



     Хар хар үүлс хуралдан тэнгэр бүрхэв. Бүрэнхий ч болж эхэллээ. Бороо хаялж байснаа улам ширүүсэв. Гэвч норж даарч тэр байтугай өлссөн ч үгүй.
     Гэртээ харих өчүүхэн хүсэл ч алга. Ээжийгээ ч санахгүй юм. Тэгсээр салхин наадах уг довныхоо бэлд нь ирэв. Дов шиг дов.. Шороо, чулуу, ногоо, бяцхан хар шоргоолжнууд, үсчих дэвхрэг...
     Довын орой дээр гараад эргэн харвал ирсэн жим маань үл харагдана. Зөвхөн урдах зам.
     Дов одоо сонин биш болжээ. Урагш харвал тэртээд сүүмийх толгод хараа булаах юм.
     Очиж үзье. Толгод ямархан байх нь вэ? Өөрийг бодох хүсэл байсангүй тэнд л хүрье.
     Бөмбийн цайх толгод руу алхах тусам холдоод байх шиг.
     Бяцхан цагаан үүл бараантах тусмаа томорсоор. Орой болох нь энэ бутны дор хорогдож хоноод маргааш гэхэд толгодын орой дээр гарах бизээ.


     Бороо ширүүссээр... Орсоор л, орсоор л, ороод л байна. Ороод л байна. Хувцас норовч сэтгэл үл норох би дороо унтаад өглөө. Зүүд. Зүүдэлж байх шиг. Хэн нэгэн миний толгойг илэв. Ээж байна. Тийм холоос яаж миний толгойг илэв?


     Урагшлах тусам зам, жим ч үгүй болж зөвхөн хад, чулуу. Нүцгэн хөл минь хэгзэрч цус гарав. Өвдөх юм лав алга.
     Одоо нөгөө сайхан бороо чинь бүр цастай холилддог болов. Сахал дээр минь цасан ширхэг буух нь сэрвэлзүүлэн мэдрэгдэнэ. Юун сахал? Хэзээдээ сахалтай болчихов. Дов руу явж байхдаа би бяцхан жаал байгаагүй гэж үү? Ийм хурдан сахалтай... Гэтэл толгод хүрэх яагаа ч үгүй.
     Даарах ч үгүй байсан миний дан цамцны энгэр рүү минь цасан шамрага шуургалан орох болов. Эгц өөдөөс шуураад л, шуураад л, шуураад л байх юм. Гэвч энэ орчлонд сэтгэл татан сүүмэлзэх тэр толгод, сахлаа шувтран алхах надаас өөр юу ч алга.
     Сэрээд харвал толгодынхоо хаяанд хоножээ.
     Толгод шиг л толгод. Шороо, чулуу, ногоо, бас хөөрхөн бозлгнууд, бяцхан шувууд.
     Цэнхэртэх хөндийн тэртээ цасан дуулгат сарьдаг уулс намайг даллана.


Цас лавшсаар. Шуурга улам ширүүснэ. Би цасан дунд тамирдсан хөлөө сальдрагнан чирнэ. Хөл минь гэхээс уулын оройгоос цацрах хүйтэн хөх гэрэл намайг урагшлуулна. Больдог ч юм уу? Бас л шороо, чулуу, нөгөө шоргоолж, хулгана л байгаа биз. Гэвч хүсэл минь надаас хүчтэй ажээ. Эсвэл хүсэл минь тавилан.
     Уулын бэлээс мөнөөх хүйтэн хөх гэрэл ойрхон ч юм шиг.
     Оргилд гарах гэж мацаж байхдаа гэнэт би гараа, нүдний үзүүрт намирах буурал сахлаа олж харлаа. Мойнийж муруйсан хуруу, судас нь гүрийж, арьс нь сулбайсан гар, цав цагаан болсон сахал минь. Ийм хурдан.
     Надад гэрэл хүрэх тэнхэл байхгүй болсныг ухаарахад нүднээс нулимс гоожин учир утгагүй аялалаа төгсгөх хэрэгтэй болж дээ. Нэгэн чулуу авч дэрлэвэл хүв хүйтэн тэр чулуу, хацар нэг хайрснаа төдөлгүй мянга, түмэн зүүгээр шивэх мэт болж гэнэт даарснаа төдөлгүй дулаахан боллоо. Харин би мөнөөх гэрэл рүү улам ойртоод байх шиг. Эргэн харвал би чулуу дэрлээд хээв нэг унтаж байх юм. Ингэхэд би аль нь вэ? Чулуу дэрлээд унтсан уу? Хүйтэн гэрэл рүү ойртон нисэх нь би юу? Гэвч надад үүнийг ойлгох тэнхэл өчүүхэн ч үлдсэнгүй. Чулуу дэрлэн хэвтэж буй өөрийгөө орхиод би хүйтэн хөх гэрэл рүү уусан татагдаж байлаа. Харин зурагтаар Биорк /Bjork/ дуулж нүднээс нь хар нулимс цэнхэртэн гоожиж, улаан болсноо хамар руу нь буцан орж байсныг санаж байна. Cursum perficio...
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 361 удаа

Сэтгэгдлүүд

2011-05-04 - :)

Бичсэн: GeLy
Goy yum bna. Nomoo gargaarai. Ene bas neg tolgod shuu. Ingeseer baital tagaan sahaltai bolno. Tegeed ter tsenher gerelruu bye bye.
. Шууд холбоос

2011-04-19 - amidral zuud shig

Бичсэн: buynaa (зочин)
Amidral zuud yum bol negen tsagt bi serne. Amidarch zuudellee gej tarihgui uhej zuudellee gene gej Ayurzana helsen bdag. Magadgui ene jaahan modernist zuud bhaa. Bjorkiin ter nulimstai klipend bi harin durtai shuu.
. Шууд холбоос

2011-03-17 -

Бичсэн: tuvshee (зочин) (зочин)
"Хабитат-ын замаас хөлсний тэргэнд суунгуут
“Хаашаа ч биш ээ, диваажин хүрнэ” гэхэд
Залуухан жолооч толгой дохьчихоод давхисаар, давхисаар,
Зам зуураа цал буурал өвгөн болчихыг нь
Анзаарч, халааснаасаа мөнгө гаргаж өгөхөд
Авахгүй, толгой сэгсэрчихээд цааш давхисаар…
Энүүхэн хавьцаа диваажин бий гэж бодоход
Эрүүний минь сахал өвдгөнд хүрч мэдрэгдэнэ."

Энэ шүлэг миний хуурай ахын шүлэг. Том яруу найрагч байгаа даа. Энэ шүлэг, өгүүллэг хоёр угтаа нэг л зүйлийг өгүүлж байна.
. Шууд холбоос

2011-03-16 - Хооо

Бичсэн: tuvshee (зочин)
Өгүүллэг сайн болжээ:.
. Шууд холбоос

2011-03-16 - Хооо

Бичсэн: tuvshee (зочин)
Янзтай өгүүллэг байна. алга ташилт баяр хүргэе.


"Хабитат-ын замаас хөлсний тэргэнд суунгуут
“Хаашаа ч биш ээ, диваажин хүрнэ” гэхэд
Залуухан жолооч толгой дохьчихоод давхисаар, давхисаар,
Зам зуураа цал буурал өвгөн болчихыг нь
Анзаарч, халааснаасаа мөнгө гаргаж өгөхөд
Авахгүй, толгой сэгсэрчихээд цааш давхисаар…
Энүүхэн хавьцаа диваажин бий гэж бодоход
Эрүүний минь сахал өвдгөнд хүрч мэдрэгдэнэ."

Энэ шүлэг миний хуурай ахын шүлэг. Том яруу найрагч байгаа даа. Энэ шүлэг, өгүүллэг хоёр угтаа нэг л зүйлийг өгүүлж байна. http://nyamkhishig.blogspot.com сонирхвол орж үзээрэй.
. Шууд холбоос

2011-03-16 -

Бичсэн: LetMaidar
cursum perficio гэж юу гэж бгаан гэж асуух хүн байж магадгүй энэ бол My journey is over гэсэн латин үг шүү. Миний аялал төгслөө ирмэх ирмэх
. Шууд холбоос

2010-12-19 -

Бичсэн: Татар (зочин)
ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: LetMaidar
smilie210
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 73355 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 17 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн